5 жилийн өмнө
Энэ сарын 06-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотноо “Монгол-Хятадын ЭКСПО” 3 дахь удаагийн арга хэмжээ зохион байгуулагдаж, энэ үеэр Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын нэг хэсгээр “Монгол Улс, Хонконг, Макао, ӨМӨЗО хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны танилцуулах хурал” зохион байгуулагдсан.
Энэхүү хурал нь “Монгол-Хятадын ЭКСПО” 3 дахь удаагийн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд Монгол Улс, Хонгконг, Макао ӨМӨЗО-ны Худалдаа, аж үйлдвэрийн салбарын харилцаа холбоог улам сайжруулж бататгах, найрсаг харилцааг бий болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан хөрөнгө оруулалт хийх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилготойгоор болж өнгөрсөн юм. Хуралд Монгол Улс, Хонконг, Макаогийн төрийн байгууллага, бизнес эрхлэгчид, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид, ӨМӨЗО-ны Засгийн газрын ордон, Биг дата төв, Үйлдвэр бизнесийн холбоо зэрэг 300 орчим хүмүүс оролцсон. .
Хурлыг нээж Улаанцав хотын Засаг даргын орлогч Ван Шинюу, Хонконгийн Эдийн засаг, худалдааны хөгжлийн газрын Хуабэй Донгбэй, салбарын ахлах төлөөлөгч Чэн Жяшян, Монгол Улсыг төлөөлж БОАЖЯ-ны Дэд сайд Ц.Батбаяр мэндчилгээ дэвшүүлж,Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл танилцуулсан. ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон ерөнхий зохион байгуулагчаар, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Хонконгийн Худалдаа, хөгжлийн газар, Макаогийн Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих газар, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Улаанцав хотын Ардын засгийн ордон хамтран зохион байгуулагчаар ажиллалаа.
Экспогийн хүрээнд үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын уулзалт гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр 20 гаруй салбар арга хэмжээ Хөх Хот, Улаанцав болон Тунглио хотуудад зохион байгуулагдаж байгаагаараа урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, ач холбогдол өндөртэй болсон гэж үзэж байна.
Мөн хурлын үеэр хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан.