5 жилийн өмнө
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” 2019 оны 9 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм. Тухайлбал Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэд олон нийтэд мэдээ мэдээлэл өгөх юм.
2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан байгууллагынхаа үйл ажиллагаа болон хэрэгжилтийг танилцууллаа. Үндэсний хөгжлийн газрын хэрэгжүүлсэн зарим онцлох ажлуудаас дурдахад Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ийн хэрэгжилтийг хэрхэн хангах, ахиц дэвшил гаргахад юуг анхаарах талаар Монгол Улсын анхны Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг боловсруулан Засгийн газарт танилцуулж, батлуулсан. 2019 онд Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулах 47 улсын нэг нь Монгол Улс байсан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосон хуваарийн дагуу Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хамтаар “Тогтвортой хөгжлийн өндөр түвшний чуулга уулзалт”-ын үеэр Монгол Улсын анхны Үндэсний сайн дурын илтгэлийг дэлхийн улс орнуудад танилцуулсан.
Түүнчлэн Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүнд:
Агаарын тээврийн салбарт: Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент”-ийн концессын гэрээг Япон-Монголын хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-тай байгуулсан.
Авто замын салбарт: Улсын хэмжээнд 463.3 км, хүнд даацын 44 км авто замуудыг улсын комиссод хүлээлгэн өгч иргэд болон аж ахуй нэгжүүдийн хүн, ачаа тээвэрлэлт явуулах шаардлага хангасан замын нөхцөл бүрдсэн.
Боловсролын салбарт: Монгол улсын хэмжээнд боловсролын салбарт 17 төсөл арга хэмжээ хэрэгжиж, Нийслэлийн хэмжээнд барилгын ашиглалтын хугацаа нь дуусаж, нурах аюул үүсээд байсан 4 дунд сургуулийг шинэчлэн ашиглалтад хүлээлгэн өгч 9000 гаруй хүүхэд багачууд сурч боловсрох таатай орчноор хангагдаад байна.
Мөн орон нутагт хэрэгжиж буй 13 төсөл, арга хэмжээний 320 хүүхдийн хүчин чадал бүхий дунд сургууль, 50-иас 150 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг нийт 10 сургууль, цэцэрлэгийн төсөл, 500 хүний суудал бүхий 1 соёл, спортын цогцолборын барилга угсралтын ажил дуусган, улсын комиссод хүлээлгэн өгөөд байна.
Төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох чиглэлээр Үндэсний хөгжлийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Invest in Mongolia” Нэг цэгийн үйлчилгээний төвийг нээж, үйл ажиллагааг эхлүүлсэн.
“Invest in Mongolia” Нэг цэгийн үйлчилгээний төв нь нээлтээ хийснээс хойш 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар гэсэн төрийн 5 агентлаг, банк, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө зэрэг хувийн байгууллагуудын нийт 62 төрлийн 20778 үйлчилгээг хөрөнгө оруулагчдад зориулан нэг цэгээс үзүүлээд байна.
Нээлттэй өдөрлөгийн үеэр Үндэсний хөгжлийн газраас татварын орчинг тогтворжуулах гэрчилгээ олгосон СТРАТО ХХК, М-Си-Эс Кока Кола ХХК, Монголын алт (МАК) ХХК, Интернэйшнл Медикал Сентер ХХК- Интермед эмнэлэг зэрэг аж ахуйн нэгжүүд нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, зүрхний цусан дахь сахарын хэмжээг үнэ төлбөргүй үзэж хамтран оролцлоо. МАК ХХК-ын зүгээс өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамтран ажиллах нээлттэй ажлын байруудын саналыг танилцуулан бүртгэж, нийт 300 гаруй хүнд мэдээлэл өгөн оролцлоо.