5 жилийн өмнө
Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх” төслийг өнгөрсөн 2 жилийн хугацаанд Үндэсний хөгжлийн газарт амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Энэхүү мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан цаашид хөгжлийн бодлого, төлөвлөлтийг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд технологийн дэвшилтэд шийдлээр оновчтой, уялдаатай боловсруулаад зогсохгүй, бодлогын баримт бичгийн уялдааг сайжруулснаар төсвийн хувиарлалтыг үндэслэлтэй, үр дүнтэй хийх боломж бүрдэнэ. Түүнчлэн систем хэрэглээнд нэвтэрснээр хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх, бодлогын баримт бичиг боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг бодлого боловсруулагч нар цахимаар хүлээн авах, цаашлаад гадаадын хөрөнгө оруулагч нарт үнэн, бодит мэдээлэл хүргэх зэрэг олон давуу тал үүсч байгаа юм.
Нэгдсэн мэдээллийн системийн нээлтийг хийж Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцууллаа. Уг бодлогын баримт бичигтэй холбоотой мэдээллийг системд оруулсан бөгөөд иргэд олон нийт, холбогдох байгууллагуудаас баримт бичигт тусгах саналыг нэгдсэн мэдээллийн системээр дамжуулан авч эхлээд байна.
Сонирхсон ард иргэд, мэргэжлийн холбоод, судалгааны байгууллагууд www.development.gov.mn хаягаар орж мэдээлэл авч, саналаа өгч болно.