5 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газар нь “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.5 дахь заалт, “Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.6 дахь заалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.79.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 15 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 165 дугаар захирамжид тус тус заасны дагуу “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн бүсчилсэн хөгжлийн бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа билээ.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан
Тус ажлын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг Монгол Улсын Их Сургуулийн номын санд зохион байгууллаа. Мөн "Бүс нутгийн шинжлэх ухааны үндэс" номын нээлт болж өнгөрлөө. Тус номонд Бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн асуудал, тус чиглэлийн судлаач, багш нарын сонирхолтой саналууд багтсан юм.
Хэлэлцүүлгээр “Бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн арга зүйн асуудалд”, “Монгол Улсын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэд бүтцийн тэнхлэгээр дамжуулан хэрэгжүүлэх нь”, “Эдийн засгийн микро бүсчлэл хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь болох нь”, “Бүсчилсэн хөгжлийн бодлогын орон зайн төлөвлөлтийн зураглал”, “Бүсчилсэн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалт” сэдэвт илтгэлүүд танилцуулж холбогдох яамдын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 60 гаруй төлөөлөгч оролцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан санал солилцов.