5 жилийн өмнө
“Invest in Mongolia” Япон-Монголын бизнес форумыг амжилттай зохион байгууллаа
Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд олон улсад Монгол Улсын уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, нөөц боломжийг танилцуулах хөтөлбөрт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын үеэр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам /METI/-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлагийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийсэн бөгөөд тус уулзалтын үр дүнд Япон улсын Эдийн засаг, Худалдаа Аж үйлдвэрийн яам /METI/, Японы Гадаад худалдааны байгууллага /JETRO/ Японы Жижиг Дунд Үйлдвэрлэлийн агентлаг /SME Agency/, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Экспорт Олон улсын худалдааны төвтэй хамтран 2019 оны 12 дугаар 20-ний өдөр “INVEST IN MONGOLIA 2019” Япон-Монголын бизнес форумыг Токио хотноо амжилттай зохион байгууллаа.
Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн бодит үр дүнг бий болгож, үр шимийг нь хүртэх боломжийг олгох зорилгоор тус форумыг зохион байгуулсан бөгөөд Япон, Монголын хоорондын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг харилцан солилцохоос гадна Монголын 20 гаруй үйлдвэрлэгч компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан үзэсгэлэнг зохион байгуулсан нь Японы бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид Монголын бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, сонирхсон Монголын компаниудтай танилцах, цаашид хамтран ажиллах боломжийг илүү нээлттэй болгож өгсөнөөрөө онцлог байлаа.
Форумыг Японы Гадаад худалдааны байгууллага ЖЕТРО, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Японы ЖДҮ-ийн газрын удирдлагууд нээж үг хэлсэн бөгөөд Монголын талаас Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин” илтгэл, тус газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр “Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн систем” –ийн танилцуулга, ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь боломжууд” илтгэлийг тавьж, Японы талаас ЖЕТРО-гийн Монгол дахь төлөөлөгч К.Фүжий “Монголын хөрөнгө оруулалтын орчин ба бизнесийн боломж” илтгэл, Miso noodle ХХК-ий захирал Такеда Тэцүаке, Такаражима Япон ХХК-ий захирал Осоное Казухиро нар Японы компаниудад Монголд бизнес эрхлэх боломжуудын талаар өөрсдийн туршлага, үйл ажиллагааг танилцуулсан нь анхаарал татахуйц сонирхолтай байлаа.
Форумын бодит үр дүнд хүрсэн томоохон хэсэг нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн судалгааны институт REITI байгууллагатай судалгаа, шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх, өргөжүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичиг, Япон улсын TBM компани, Монгол Улсын Limex Mongolia компанитай хамтран шохойн чулуугаар цаас үйлдвэрлэх төслийн дараагийн шатны Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсэн арга хэмжээ боллоо.
Форумд Монголын ХАА, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, хүнс болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компаниудтай танилцаж, бараа бүтээгдэхүүнүүдийг нь бодитоор үзэж сонирхохоор Японы талаас 230 гаруй албаны болон бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон нь хоёр талын сонирхол өндөр байгаагийн тод илрэл юм. Хоёр талын бизнес эрхлэгчдэд зориулан ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулж өгсөн нь тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, Монкрем ХХК-ийн Халгай брэндийн бүтээгдэхүүнүүдийг ихэд сонирхож, бизнесийн хоёр дахь шатны уулзалт хийхээр төлөвлөжээ. National Cashmere & Silk ХХК нь жижиг бүтээгдэхүүний захиалга авсан байна.
Монголын ЖДҮ эрхлэгчдэд Япон улсын Жижиг Дунд Үйлдвэрлэгчидтэй уулзан хамтын ажиллагааг тодорхой хэмжээнд эхлүүлсэн, тус улсын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээ мэдээллээр хангагдсан зэрэг өндөр ач холбогдолтой боллоо хэмээн манай улсаас оролцогчид үзэж байлаа.
2019 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ҮХГ-ын дарга Б.Баярсайханы Япон улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Japan Bank for International Cooperation /JBIC/, Nomura Holdings, Inc., Japan Oil, Gas and Metals National Corporation /JOGMEC/, Japan International Cooperation Agency /JICA/, Япон Улсын Эдийн засаг, Худалдаа Аж үйлдвэрийн яам /METI/ зэрэг газруудтай ажлын уулзалтуудыг тус тус зохион байгууллаа.
Монголын ЖДҮ эрхлэгчид Японы үйлдвэрлэл
эрхлэгчдээс туршлага судаллаа
Мөн форумын хүрээнд 19-ний өдөр Япон улсын Сумида дүүргийн бизнесийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулав. Дүүргийн зүгээс бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжин хамтран ажиллаж байгаа загвар нь Монголын ЖДҮХС болон бизнес эрхлэгчдэд шинэ санаа өгсөн амжилттай туршлага боллоо.
20-ны өдөр “Invest in Mongolia” форумд оролцогч Монголын бизнес эрхлэгчдэд зориулан Япон улсын эдийн засаг, аж үйлдвэрийн яам (МЕТI), Жетро зэрэг байгууллагын албаны төлөөлөл “Япон Монголын Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр (EPA)-ийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж, Япон улсруу экспорт хийхдээ хэрхэн татвараа хөнгөлүүлэх, тэглүүлэх боломж”-ийн сэдэвт сургалт зохион байгуулж, сонирхсон асуултанд хариулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.