ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ


5 жилийн өмнө


Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Н.Учрал, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан нар өнөөдөр (2020.04.08) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.vqi8NXA2HVWbiY2.jpg

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "... Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, ..." гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна..." гэж тус тус заасан.

Улмаар Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”

02 дугаар тогтоолыг баталж, хууль тогтоомжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлах хуваарийг хавсралтаар баталсан байна. Тус хавсралтад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг үүрэг болгосны дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь дээр дурдсан асуудлуудыг зохицуулахын зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд оршино.ZlSI6H024ksw1Jc.jpg

Төсөл батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг хангаж боловсруулан батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм байна.

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулахад тавигдах шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судлагаанд суурилсан бодлогын баримт бичиг батлагдан гарах таатай нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Улмаар салбар, бүс, засаг захиргааны нэгж тус бүр алс хэтийн бодлогогүй, уялдаа муутай бодлогын баримт бичгийг тус тусдаа боловсруулдаг байдал цэгцэрнэ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа сайжирснаар улс, орон нутгийн төсвийн, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд илүү оновчтой болж, үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах ач холбогдолтой. Түүнчлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдийн чиг үүргийг зохистой ялгамжтайгаар тодорхой заасан нь оролцогчдыг хариуцлагыг бодитой болгох зэрэг эерэг үр дүнг тус тус авчирна