ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ


5 жилийн өмнө


 

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. 

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт болон 13 гишүүн нарын өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулав.                  6gwDpCUXZ4NZfBk.jpg

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "... Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, ..." гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна..." гэж тус тус заасан.                     1Pm6Q2Gr1NqG3v1.jpg

Улмаар Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол баталж, хууль тогтоомжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлах хуваарийг хавсралтаар баталсан. Уг хавсралтад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг үүрэг болгосны дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь дээр дурдсан асуудлуудыг зохицуулахын зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чиглэсэн болно.            7hvCh0Jntxuo7T9.jpg

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг ханган боловсруулж батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа хууль санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов.

    Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулахад тавигдах шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судлагаанд суурилсан бодлогын баримт бичиг батлагдан гарах таатай нөхцөл бүрдэнэ. Улмаар салбар, бүс, засаг захиргааны нэгж тус бүр алс хэтийн бодлогогүй, уялдаа муутай бодлогын баримт бичгийг тус тусдаа боловсруулдаг байдал цэгцрэх ач холбогдолтой гэж байлаа. 

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа сайжирснаар улс, орон нутгийн төсвийн, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд илүү оновчтой болж, үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах нөхцөл бүрдэнэ. Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын чиг үүргийг зохистой ялгамжтайгаар тодорхой заасан нь оролцогчдын хариуцлагыг бодитой болгох зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.                    FMzlARsg5nNf3Yd.jpg

 Өнгөрсөнд зах зээлийг эрэлт, нийлүүлэлт буюу үл үзэгдэгч гар зохицуулна гэж бодлогын асуудлаа хаяж ирсэн бол өнөөдөр дэлхийд хөгжлийн бодлогоо хэн сайн төлөвлөж, аудитын байгууллагаар хянуулж, алдаа дутагдлаа засч сайжруулсан нь илүү хөгжиж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хариултдаа тодотгоод энэхүү хуулийн төсөл нь тогтолцоонд өөрчлөлт оруулж байгаагаараа ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Ингээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 85,2 хувь нь үзлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.