УУР АМЬСГАЛ, ГАЗАР, ЭРЧИМ ХҮЧ, УСНЫ СИСТЕМ (CLEWS) ЗАГВАРЫН ҮР ДҮНГ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ТАНИЛЦУУЛЛАА


4 жилийн өмнө


Монгол Улс Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ээ 2019 оны 11 дүгээр сард шинэчлэн баталж, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хог хаягдал, барилга, тээвэр зэрэг эдийн засгийн голлох зургаан салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулах зорилтыг дэвшүүлсэн билээ.

Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас зохион байгуулж, улс орнуудын онцлогт нийцүүлэн боловсруулсан CLEWs загварыг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан Ази, Номхон далайн орнуудын нэг болсон билээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч, хүний хөгжлийн үзүүлэлтэд ахиц гарсан ч, эдийн засгийн өсөлт олборлох салбараас ихээхэн хамааралтай байгаа нь эдийн засгийг төрөлжүүлэх, түүний дотор байгаль орчин болон бэлчээрийн доройтлын асуудлын уялдаа холбоог хангаж, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн үйл явцаар дамжуулан шийдвэрлэх шаардлага бий болсон байна. Иймд, Монгол Улсын CLEWs загварыг хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтлыг багасгаж,  хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг үйл ажиллагааны харилцан хамаарлыг тодорхойлж, эрчимжүүлэхэд чиглэсэн билээ. yKSB8jR4L0BWTj6.png

Энэхүү загварыг салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж боловсруулах хүрээнд Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзаннагийн ахалсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Эрчим хүч, эдийн засгийн хүрээлэн, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл бүхий ажлын хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдан 3 сарын хугацаанд ажилласан.

Загварын үр дүнг танилцуулж, санал солилцох зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссоос 2021 оны 3 дугаар сарын 23-26-ны өдөр “CLEWs загварыг ашиглан нүүрстөрөгчийн бага ялгарал бүхий ирээдүйн төлөө нэгдсэн бодлого төлөвлөх нь” хэмээх сэдвийн бүсийн хэмжээний дугуй ширээний цахим уулзалт зохион байгуулагдсан. Тус уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн 9 улс (Бутан, Индонез, Иран, Малайз, Монгол, Непал, Пакистан, Филиппин, Шри Ланка)-ын бодлого боловсруулагчид, судлаачид өөрсдийн загварын үр дүнг танилцууллаа.

Арга хэмжээний үеэр Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн “Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бодлого, төлөвлөлтийг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг хийж хийж байгаа бөгөөд Улсын Их Хурлаас 2020 онд уур амьсгалын өөрчлөлт, хүний ​​хөгжлийн асуудлуудыг нэн чухал тусгасан “Алсын хараа-2050” хэмээх Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Тиймээс ч, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тогтвортой хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хангахад харилцан уялдаа бүхий цогц дүн шинжилгээ зайлшгүй шаардлагатай.” хэмээн онцолж хэллээ.                                        RqvHIZeY0YGncps.pngЭнэхүү арга хэмжээнд Монгол Улсын талаас Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзанна Монгол Улсын CLEWs загварын үр дүнг танилцуулсан бөгөөд загвартаа бэлчээрийн доройтлыг бууруулах, бэлчээрийг амрааснаар түүнийг хэрхэн нөхөн сэргээж болох боломж болон малын ашиг шимийг сайжруулахад чиглэсэн загварын ололтыг цохон тэмдэглэв.

PG7q12NfCDllDDd.png