3 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр нар Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, гадаадын хөрөнгө оруулагчийн Монгол Улсад орж ирэх виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар ажил хэргийн уулзалт хийлээ.
Уг уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас боловсруулж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдах зарчмын гол өөрчлөлтүүд, түүн дотроо гадаадын хөрөнгө оруулагчдын виз, оршин суух зөвшөөрөлтэй хамааралтай эрх зүйн зохицуулалтыг сайжруулах тал дээр байгууллагуудын байр суурийг илэрхийлж, салбарын хууль, журмын уялдаа холбоог нягт хангаж, хэрэгжилтийг бүрэн хангах тал дээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо.
Мөн хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг үзүүлдэг Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх "Invest Mongolia" Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж буй нэгдсэн системийн хөгжүүлэлтийн явцтай танилцаж, зохих чиглэлийг холбогдох ажилтнуудад өглөө. Ташрамд дурдахад уг Нэг цэгийн үйлчилгээний төвөөс Гадаадын иргэн, харьяатын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Үндэсний хөгжлийн газрын гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2021 онд багтаан Цахим нэг цонхны үйлчилгээний төв болгон өргөжүүлэхээр ажиллаж байгаа билээ.