5 жилийн өмнө
ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Монголын Экспорт Олон Улсын Худалдааны Төв болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Экспорт Монгол-2019” бизнес форум, үзэсгэлэн худалдааг 2019 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна.
Хоёр өдрийн турш үргэлжлэх тус бизнес форумд 10 гаруй орны зочид, төлөөлөгчид, хувийн хэвшлийн 350 гаруй экспортлогч болон экспортод чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж буй ААН-үүдийн төлөөлөл буюу нийт 1000 гаруй хүн оролцох юм. Тэд Монгол Улсын экспортын өнөөгийн нөхцөл байдал, боломжийн талаар бүхий л хүрээнд ярилцаж, харилцан санал солилцож, цаашид экспортлох үйл ажиллагааг “Нэг бодлого-Нэг гарц-Нэг шийдэл”-д хэрхэн хүрэх талаар хэлэлцэж байна.
Арга хэмжээний үеэр ХХААХҮЯ, ҮХГ, ГХЯ, ЖДҮ-г хөгжүүлэх сан, Монгол Улсын Хөгжлийн банк, Үндэсний Брэндийн зөвлөл болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, экспортын боломж гэх мэт олон сэдвийн хүрээнд илтгэл тавьж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн арга хэмжээний үеэр экспортын чиг баримжаатай ААН-үүдэд зориулсан сургалт семинар болохоос гадна тэдний бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, сурталчлах зорилгоор “Монгол Брэнд” үзэсгэлэн-худалдаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн-худалдаанд хамгийн идэвхтэй оролцож буй ААН-ийг тодруулж, ирэх оны хоёрдугаар сард Япон улсад болох “Монголд үйлдвэрлэв-2020” үйл ажиллагаанд оролцуулна. “Экспорт Монгол-2019” бизнес чуулга уулзалтад Турк, Япон улсын ЖДҮ-ийг хариуцсан байгууллагын удирдлага, төлөөлөгчид, мөн Филиппин улсын экспорт, импортын агентлагийнхан ирж оролцож байна.