5 жилийн өмнө
Япон Монголын хөрөнгө оруулагчдын форум 9 дүгээр сард Япон улсад зохион байгуулагдаж өнгөрлөө.
Форумд Монголын талаас Уул уурхайн, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрдэнэс таван толгой ХК ТУЗ-ын дарга бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Монгол Улсаас Япон улсад суугаа Бүрэн эрхэт Элчин сайд Д.Батжаргал нар оролцлоо.
Тус форумыг нээж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото үг хэлсэн юм. Эрдэнэс таван толгойн ТУЗ-ийн дарга бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл танилцуулж, Панелистаар оролцлоо.
Хөрөнгө оруулалтын форумаас гадна нэлээдгүй уулзалт болж өнгөрсөн бөгөөд уулзалтаар хамтын ажиллагаан дээр суурилсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, хамтдаа урагшилж, хөгжих талаар санал солилцсон юм.
Хоёр улс 1990 оноос 2018 оны хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 23,9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг дэлхийн зах зээл дээрээс татаж чадсан. Монгол Японы гадаад худалдаа 544 сая.ам.доллар бол хөрөнгө оруулалт 372 сая ам.доллар татжээ.
Иймд Таван толгойн кокожсон нүүрсийг нэмүү өртөг шингээж, Японд экспортлох талаар санал солилцож, Монгол улсын Засгийн газар Эрдэнэс Таван толгой IPO гаргахаар бэлтгэж байгаа болон өмнөд хөршөөрөө дамжуулан Япон, Солонгост борлуулах ажлын хүрээнд хүнд даацын машин техникийг сайжруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж экспорлох боломжтойг танилцууллаа.
Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын сонирхож байгаагаа илэрхийлсэн ба тогтвортой, таатай хөрөнгө оруулалтын орчин бий болгоход онцгой анхаарахыг хүссэн юм.
Энэ удаагийн хөрөнгө оруулалтын форумд 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалтын орчин болоод Монголын Засгийн газрын бодлогыг сонирхсон юм.