5 жилийн өмнө
Монгол Улсын бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Invest in Mongolia” форум Шанхай хотноо боллоо. Форумыг Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон Шанхай хотноо болж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлогтой.
Үндэсний хөгжлийн газраас “Invest in Mongolia” форумыг томоохон хөрөнгө оруулагч улс, хотуудыг сонгон тогтмол зохион байгуулдаг бөгөөд Франкфурт, Хонг-Конг, Токио, Лондон зэрэг хотод зохион байгуулсан. Энэ удаагийн форумыг Шанхай хотын Янпу дүүргийн захиргаа, Шанхайн бизнесийн зөвлөл, Эрээн хотын Ардын Засгийн газар, Монгол Шанхай хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Invest in Mongolia, Shanghai 2019” форумыг нээж хэлсэн үгэндээ, “1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр улсын нийгэм эдийн засаг, боловсрол, соёл урлаг зэрэг бүхий л салбар дахь хамтын ажиллагаа улам бэхжиж байна. Монгол Улс, БНХАУ хооронд иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд 2020 онд хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Монгол Улсад бүртгэгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 21 хувийг, хөрөнгө оруулалттай ААН-ийн 50 гаруй хувийг БНХАУ-ын ААН-үүд эзэлж, Хятад улс манай улсын хамгийн том хөрөнгө оруулагчаар тодорч байна. Үүнээс үзэхэд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх бүрэн боломжтой” хэмээв.
Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 20 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 149 төслийг тусгажээ. Тэдгээрийн дийлэнхийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх болон эрчим хүч, эрүүл мэнд, олборлох салбарын төсөл эзэлж байгаа бөгөөд манай улс ажлын байр, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, инноваци, нэмүү өртөгийн сүлжээг бий болгох хууль ёсны хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийллээ.
200 гаруй бизнес эрхлэгч оролцсон уг форумаар Монгол Улсын хөгжлийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ манай улсын бизнесийн орчин, хөрөнгө оруулахад таатай салбар, төслүүдийг мөн танилцуулсан юм. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийн B2B уулзалт болж манай улсын уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 40 орчим ААН өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөө гадны бизнес эрхлэгчдэд танилцуулав.
БНХАУ өнгөрсөн онд манай улсад 108 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний 68 хувийг уул уурхай, 21 хувийг худалдаа, нийтийн хоолны салбар дахь хөрөнгө оруулалт эзэлж байна. Хятад улс нь манай хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд талууд ирэх онд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан юм.