4 жилийн өмнө
2020 оны 6-р сарын 16-ны өдөр Үндэсний хөгжлийн газраас Дэлхийн Банк Группын Олон Улсын Санхүүгийн Корпораци болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран “Хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих систем”-ийг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү систем нь хөрөнгө оруулагчдын гомдлыг шүүх, арбитрын маргаан болохоос нь өмнө төрийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд тулгарч буй саад бэрхшээлүүдийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, улмаар гомдол, маргаан үүсгэж буй хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, сайжруулах үндсэн зорилготой юм.
Тус үйл ажиллагааны нээлтийн үгэндээ Үндэсний хөгжлийн газрыг дарга Б.Баярсайхан “Монгол Улсад эдийн засгийн өсөлт авчрах хөрөнгө оруулалтын ил тод, зохистой орчин бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг Засгийн газраас анхааран үзэж байгаа” гэдгийг хэлэв. “Бид энэ чиглэлээр Дэлхийн Банк Групптэй хамтран ажиллаж байгаа бөгөөд үр дүнд нь хөрөнгө оруулагчдад ээлтэй бизнесийн орчин бүрдүүлэх, улмаар Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт болон дотоодын хөрөнгө оруулалтыг хадгалж, өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх юм” хэмээн тэрээр нэмж онцолсон.
Мөн Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн байгууллагаас “КОВИД-19 цар тахал дэлхийн эдийн засагт хүнд нөлөөлөл үзүүлж буй энэ үед хөрөнгө оруулалт татаж, хадгалах, мөн ажлын байрыг хамгаалах шинэлэг арга зам хөгжүүлэх нь урьд хожид байгаагүйгээр чухал болоод байна. Урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой хөрөнгө оруулалтын бодлоготой байж, түүнд нийцсэн арга хэмжээг Засгийн газраас тууштай авч хэрэгжүүлэх нь Монгол Улс шиг шинээр хөгжиж буй зах зээлтэй оронд хөрөнгө оруулалтыг ихээр татаж, цаашилбал санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлж, эдийн засгаа эрчимтэй сэргээх нөхцлийг бүрдүүлэх юм. Энэхүү цахим системийг нэвтрүүлж буй нь Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын шинэчлэл хийж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хүчин чармайлт гаргаж буйг харуулж байна” гэдгийг онцлов.
Уг арга хэмжээнд Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдын яамд, бизнесийн холбоод, ассоциаци, олон улсын байгууллагууд болон танхимуудын төлөөлөгч нар хүрэлцэн ирэв. Мөн Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн яам, агентлагийн албан хаагчид уг арга хэмжээнд оролцлоо.
Дэлхийн Банк Группын Олон Улсын Санхүүгийн Корпораци нь Япон Улс болон Унгар Улсын Засгийн газруудтай байгуулсан түншлэлийн хүрээнд 2014 оноос хойш хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйг дэмжих” төслийн хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын шинэчлэлийг дэмжиж ирсэн юм. Уг төсөл нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын хамгааллыг бэхжүүлэх, улмаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, хадгалах чиглэлээр Засгийн газарт дэмжлэг үзүүлж буй голлох хамтрагч юм.
Тус арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин хааж үг хэлэхдээ “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улсад тулгарч буй нэг гол бэрхшээл бол улс төрийн ба бодлогын тогтворгүй байдал юм. Үүнийг засч залруулахад төрийн ба хувийн хэвшлийн үр дүнтэй, уялдаатай хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ тал дээр хийх ажил их байна. Хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих систем нь хөрөнгө оруулагчдад үүсч байгаа асуудлыг ил тод, шуурхай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” хэмээн хэлэв.