3 жилийн өмнө
Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн бүс нутаг хариуцсан захирал Жужанна Харгитай, Ахлах эдийн засагч Эрик Ливни, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачи нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд өөрсдийн үйл ажиллагаа, стратегийн чиглэлийн талаар харилцан танилцуулж, байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс Үндэсний хөгжлийн газрын хөрөнгө оруулагчдад зориулсан төрийн үйлчилгээг цахимжуулах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах зэргээс бүрдсэн хөрөнгө оруулалтын орчны цогц шинэчлэлийг хийх зорилтыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.
Мөн ногоон эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсыг “нүүрстөрөгчгүй болгох урт хугацааны стратеги” боловсруулахад техникийн туслалцаа, арга зүйн зөвлөмж, санхүүгийн ба санхүүгийн бус дэмжлэг үзүүлэн идэвхтэй хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, цаашид хоёр байгууллагын харилцааг улам өргөжүүлж, нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.