НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ


3 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (UNFAO)-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд салбарын бодлогыг оновчтой тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

qXx1N3rVjdi9t5l.JPG

Төслийн зорилго нь хүнс, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих, тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын бодлогын хүрээг сайжруулах цаашлаад ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, ажлын байр бий болгоход оршино. Уг төсөл хэрэгжсэнээр эдийн засгийн өсөлтийг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих, малчид, тариаланчид болон хэрэглэгчдийг холбосон хөдөө аж ахуйн тогтолцоог сайжруулж, оролцогч бүх талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой.

yM5uST8MUDho66O.JPG

Монгол Улсын хүн амынхаа хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах түвшин сүүлийн жилүүдэд нэмэгдэж, зарим хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дотоодын ургацаас хангаж байгаа төдийгүй, органик хүнсний бүртгэл мэдээллийн санг ашиглалтад оруулж эрүүл ахуй, чанарын хяналтаа зохих хэмжээгээр сайжруулсан зэрэг хүнсний тогтолцоонд зохих ахиц дэвшил гарсан.

Гэсэн хэдий ч, хүн амын хүнсний хэрэгцээний чухал хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт импортоос хамааралтай байна. Монгол хүний хүнсний хэрэглээнд мах, гурилан бүтээгдэхүүн зонхилж, эрдэс амин дэмийн гол эх үүсвэр болдог жимс, жимсгэнэ, нарийн ногоо бага байгаа нь бичил тэжээлийн дутал, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр байх шалтгаан болж байна. Үүнээс улбаалан хүн амын дундах илүүдэл жин, таргалалт, хорт хавдрын өвчлөл илт нэмэгдсэн байна.

Тиймээс энэхүү төсөл хэрэгжсэнээр хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний алдагдлыг бууруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын түвшинг олон улсын өнөөгийн түвшинд хүргэж,  тухайн салбарын оролцогч талуудын  оролцоог бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй хөгжлийн шинэ үеийг хөдөө аж ахуйн салбарт авчирна гэдэгт талууд бүрэн итгэлтэй байна.