“ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨГЧДИЙН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


3 жилийн өмнө


Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр “Хөгжлийн бодлого тогтвортой байна” гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2020 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, “Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тус тус баталсан.

Үндэсний хөгжлийн газар нь дээрх хууль, бодлогын баримт бичигтэй уялдуулан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдийг тус тус боловсруулан, батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Дээрх ажлуудын хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд Үндэсний хөгжлийн газраас санаачлан “Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчдийн цахим зөвлөгөөн”-ийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн удирдлагууд болон албан хаагчид, Үндэсний хөгжлийн газартай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн нийт 100 гаруй төлөөлөл оролцлоо.

s7MhsfOq8R7cPwE.jpg

Энэхүү цахим зөвлөгөөнөөр орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болох Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймгийг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөг боловсруулан, батлуулж хэрэгжүүлэх ажилд нь хувь нэмэр оруулах, зөвлөгөө өгөх, дэмжиж хамтран ажиллах зорилгоор орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчдөд Үндэсний хөгжлийн газрын зүгээс “Орон нутгийг Ковид-19 цар тахлаас хамгаалах стратеги төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”, “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт ба эрх зүйн шинэчлэл”, “Орон нутгийн хөгжлийн индекс”, “Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийн судалгааны үр дүн” зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулан, мэдээлэл хүргэж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-аас “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ”, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас “US-AID BEST”, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс “Орон нутгийн ЖДҮ-ийг дэмжих, инноваци-үйлдвэрлэлийн HUB” зэрэг төслүүдийн талаар орон нутгийн бодлого төлөвлөгчдөд танилцуулга хийв.

ONj5qksvVDfbsxg.jpg

Цахим зөвлөгөөний үр дүнд 1) орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч - мэргэжилтнүүдийг чадавхжуулах, 2) бүсийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, 3) хөтөлбөрүүдийн санхүүжилтийн тэнцвэртэй хуваарилалт, 4) хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоо, түүний бүтэц бүрэлдэхүүн, хүний нөөцийн асуудал зэрэг чухал санал, санаачилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нартай цаашид хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн энэ удаагийн цахим зөвлөгөөн нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болон ХБТТУТХ-ийн 6.5.6-д заасан Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулахын өмнөх чухал цаг мөчид болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

ZJrhAQjo94Nqy9m.jpg0n8GxkFpYl4JaFZ.jpgOmHiqKqC0a1XGTj.jpgy9QXlhlafF67KKp.jpg