“Монгол Улсын Хүнсний Тогтолцооны Тогтвортой Байдал” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа


3 жилийн өмнө


Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нар хамтран “Монгол Улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг 2021 оны 07 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үндэсний хэлэлцүүлгийн гол зорилго нь манай улсад хүнсний ямар тогтолцоо шаардлагатай болохыг тодорхойлж, цар тахлын үед хүнсний тогтолцоогоо илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах, хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнг энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ хүнс, эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай болохыг онцолсон юм.

5urlDNjflgBmcax.jpg

Үндэсний хэлэлцүүлгийг угтан өнгөрсөн 2 сарын хугацаанд хүнсний тогтолцооны Бүс нутгийн хэлэлцүүлэг, Төр-Хувийн хэвшлийн хэлэлцүүлэг, Европын холбооны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас Залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хараат бус, бие даасан хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлгүүдээс гарсан үр дүн, дүгнэлтийг Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал танилцууллаа.

fLFEJFGy0TyCBlu.JPG

НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалт энэ оны есдүгээр сард зохион байгуулагдахтай холбогдуулан тус хэлэлцүүлэг “Аюулгүй, тэжээллэг хоол хүнсээр хүртээмжтэй хангах, тогтвортой хэрэглээг дэмжих”, “Амьжиргааны түвшинг ахиулах болон баялгийн хуваарилалт”, “Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эмзэг байдал, цочрол, дарамтыг даван туулах чадварыг бий болгох” гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцсэн.

Хүнсний тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай дунд болон богино хугацааны бодлогын зөвлөмжүүдийг гаргах нь чухал байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон хэлж байсан юм. 

Тус арга хэмжээнд салбарын сайд нар болон төрийн байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар болон биечлэн оролцлоо.

gCRX06oAvq4xPmJ.jpg