ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР ХУВИЙН ХЭВШЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗӨВЛӨХ СҮЛЖЭЭ (PRIVATE FINANCING ADVISORY NETWORK)-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


3 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийг хийх зорилтын хүрээнд Ковид-19 цар тахлын дараах үеийн эдийн засгийн сэргэлт, хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэхүйц төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн шинэлэг арга механизмуудыг нэвтрүүлэх боломжийг судалж, шийдлүүд гарган ажиллаж байна.

Үүний хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хувийн хэвшлийн санхүүжилтийн зөвлөх сүлжээ (Private Financing Advisory Network)-тэй Харилцан ойлголцлын Санамж бичгийг цахимаар 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Хувийн хэвшлийн санхүүжилтийн зөвлөх сүлжээ (PFAN)-ний Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Дулмаазул нар санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.  

jMCCYgIZzgiDiY6.png

Хувийн хэвшлийн санхүүжилтийн зөвлөх сүлжээ (PFAN) нь хөгжиж буй улс орнуудын олон улсаас хөрөнгө оруулалт татах сонирхолтой уур амьсгал, эко эрчим хүчний салбарын хувийн хэвшлийн төслүүдэд дэмжлэг үзүүлж, төслөө чадавхижуулах, цаашлаад тэдгээрийг хөрөнгө оруулагчидтай холбох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн сүлжээ бөгөөд Австрали, Австри, Япон, АНУ, Норвеги, Швед зэрэг донор орнуудаас санхүүждэг байгууллага юм.

Мөн онцолж хэлэхэд, энэхүү санамж бичгийг байгуулах ажлын зэрэгцээ 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус байгууллагын нийт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсаны тэмдэглэлт үйл явдал тохиосон байна.

Уг санамж бичгийн хүрээндЗасгийн газрын 100 хоног”-ийн ажлын тайлангийн үеэр  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн олон нийтэд танилцуулсан “Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл, арга хэмжээ”-нд багтсан төсөл, хөтөлбөрүүд, хувийн хэвшлийн томоохон төслүүд, мөн жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдийг чадавхижуулж сайжруулан, олон улсын санхүүгийн зөвлөхүүд болон техникийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, төслүүдийг боломжит хөрөнгө оруулагчдад танилцуулахад бэлэн болгох, олон улсад сурталчлах, цаашилбал PFAN-ний сүлжээгээр дамжуулан санхүүжилт,  хөрөнгө оруулалт татахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх тал дээр хамтран ажиллана.

s2FN1v8cU9sIiRW.JPG

Хөгжиж буй улс орнуудад төсөл хэрэгжүүлэгч, санаачлагч, хөрөнгө оруулагч нь бие биенээ олохгүй байх хандлагатай байдаг. Бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулагчийг хайж олох, тэдний шаардлагыг хангах, сонирхлыг татахуйц байдлаар төслүүдээ бэлтгэх тал дээр дутагдалтай байх магадлалтай бол хөрөнгө оруулагчийн хувьд танил бус зах зээлд хөрөнгө оруулах шийдвэр гаргалтад нь туслах мэдээлэл байхгүйгээс бэрхшээлүүд учирдаг. Тиймээс энэхүү хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр дээрх тодорхой бус байдал, бэрхшээлүүдийг арилгах, хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нийцсэн төслүүдийг бэлтгэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татахад Монгол Улсын хувийн хэвшлийнхэнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх суурь нөхцөл боломж бүрдэх юм. 

HfiA6Oz91alvCUa.JPGjPizzDs2JhDkO3H.png31DMUbRnFKseHyQ.JPG