МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


3 жилийн өмнө


Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны Санамж бичгийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, МУИС-ийн захирал Б.Очирхуяг нар гарын үсэг зурлаа.

R3zSCO7Xa8a0DPm.JPG

Хамтын ажиллагааны санамж бичгийн үндсэн зорилго нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог сайжруулах, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, олон улсын хэмжээний болон үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, шийдвэр гаргахад Монгол Улсын Их Сургуулийн зүгээс Үндэсний хөгжлийн газарт дэмжлэг үзүүлж, төр-эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

9XSRZykxU6N2b6T.JPG

Талууд уг санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог сайжруулах, Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих зэрэг улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой хамтарсан эсвэл захиалгат судалгаа шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэх;
  • Үндэсний, салбар, салбар хоорондын болон бүс орон нутгийн дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн арга зүйг боловсруулахад хамтарч ажиллах;
  • Математик болон эдийн засгийн загварт суурилсан орон зайн эдийн засгийн хөгжлийг тодорхойлох судалгааны арга зүйг хамтарч боловсруулах;
  • Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтнүүдийн бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадавхыг дээшлүүлэх, давтан сургахад чиглэсэн сургалтын хөтөлбөрийг зөвшилцөн боловсруулж, хамруулах;
  • Төв болон орон нутгийн харьяа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж, байгууллагуудад сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, туршлага солилцох үйл ажиллагааг хамтран зохион байгуулах;
  • Шинэ технологи, дэвшилтэт үйлчилгээ, инновацыг хөгжүүлэх, энэ чиглэлээр түншлэлийг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллах.

2ROeh6dc0PsFMTe.JPG7Mqwo45Ec5JhZXg.JPG